Хэл сонгох

Japan English

Барааны тэмдэг бүртгүүлэх тухай
  • Барааны тэмдэг гэж юу вэ?

Барааны тэмдэг бол “Бараан тэмдэг, газарзүйн заалтын тухай хуульд” зааснаар иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийлэл (тус хуулийн 3.1.1 заалт) бөгөөд, барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно (тус хуулийн 4.1 заалт).

Өөрөө хэлбэл барааны тэмдэг бол хувь хүн, байгууллага өөрсдийн бараа, үйлчилгээнд хэрэглэх тэмдэг юм. Барааны тэмдэг хэрэглэснээр өөрийн бараа үйлчилгээг тухайн барааны тэмдгээр хэрэглэгчид таниулах, бусад ижил төрлийн бараа, үйлчилгээнээс ялгахын тулд хэрэглэдэг.

  • Холбогдох хууль

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ хууль

  •   Барааны тэмдгийн хэрхэн хэрэглэх вэ?

Барааны тэмдгийг түүнийг хэрэглэх бараа үйлчилгээний нэртэй цуг бүртгүүлэн, хэрэглэдэг.

Барааны тэмдгийг бүртгүүлээгүй байхад барааны тэмдэг гэдгийг илэрхийлэх “TM” үсэгтэй хослуулан хэрэглэх бөгөөд бүртгүүлж гэрчилгээ авсны дараа бүртгүүлснийг нь илэрхийлдэг ® үсгийн хамт хэрэглэнэ.

  • Барааны тэмдэг бүртгүүлснээр ямар ашигтай вэ?

Барааны тэмдгийг бүртгүүлж гэрчилгээ авснаар, тухайн барааны тэмдгийн улсын нутаг дэвсгэр дээр ашиглах онцгой эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл тухайн барааны тэмдэгтэй адил, төстэй барааны тэмдгийг өөр этгээд зөвшөөрөлгүйгээр ашиглах эрхгүй болно.

Бизнес эрхлэгчийн хувьд бараа үйлчилгээг нь илэрхийлэх нүүр царай болж, хэрэглэгчийн хувьд барааны тэмдгийг харснаар тухайн бараа үйлчилгээг таних, түүний чанарыг илэрхийлэх ач холбогдолтой.

Энд бас гадаадын бараа үйлчилгээнд бас адилхан хамаарах тул гадаадын компанийн дистрибютер, төлөөлөгч хийж байгаа байгууллага ялангуяа худалдааны байгууллага анхаарвал зохино. Өөрсдийн нийлүүлж, борлуулж байгаа бүтээгдэхүүний барааны тэмдгийг (тухайн компанийн нэр дээр) бүртгүүлэн, тухайн барааны тэмдгийг ашиглах онцгой эрхтэй гэрээ байгуулснаар, өөр шугамаар бараа нийлүүлэхийг зогсоох боломжтой болно.

Барааны тэмдгийг өөрийн бараа үйлчилгээнд хэрэглэхээс гадна, лицензийн гэрээ байгуулалж бусдад хэрэглүүлэх, барьцаа болгон зээл авах зэргээр хэрэглэнэ.

  • Хаана мэдүүлэг гаргах вэ?

Барааны тэмдгийг зохих материалыг бүрдүүлэн, оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Оюуны Өмчийн Газарт мэдүүлэг гаргана. ОӨГ-ийн одоогийн байршил: Баянзүрх дүүргийн 3-р хороо, этө-30.

  • Барааны тэмдгийн гэрчилгээ

Барааны тэмдгээ бүртгүүлснээр ОӨГ-аас Барааны тэмдгийн гэрчилгээ олгодог.

Барааны тэмдгийн гэрчилгээнд түүний эзэмшигчийн нэр, хаяг, анхдагч огноо, хүчинтэй хугацаа, бараа үйлчилгээний олон улсын ангилал, барааны тэмдэг зэрэг мэдээлэл орохоос гадна, хавсралтад нь бараа үйлчилгээний жагсаалтыг дэлгэрэнгүй оруулсан байдаг.

Барааны тэмдгийг бүртгүүлж гэрчилгээ авснаар, тухайн барааны тэмдгийн улсын нутаг дэвсгэр дээр ашиглах онцгой эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл тухайн барааны тэмдэгтэй адил, төстэй барааны тэмдгийг өөр этгээд зөвшөөрөлгүйгээр ашиглах эрхгүй болно.

Өөрийн бараа үйлчилгээний брэндийг хамгаалахад барааны тэмдгээ бүртгүүлсэн байх нь маш чухал. Хуурамч бараатай тэмцэх, мөн лицензийн гэрээ байгуулах зэрэгт хэрэг болдог.

  • Хүчинтэй хугацаа нь?

Барааны тэмдгийг 10 жилээр бүртгэдэг. Хугацаа нь дуусахад 10 жилээр сунгаж болно.

  •  Хэн мэдүүлэг гаргах вэ?

Хувь хүн, байгууллага (хуулийн этгээд).

Бараа үйлчилгээндээ барааны тэмдгийг хэрэглэж байгаа, хэрэглэхээр төлөвлөж байгаа  этгээд барааны тэмдгээ бүртгүүлсэн байх нь зохимжтой.

Хувь хүн, байгууллагын хувьд , гадаад дотоодын ялгаа, хэлбэрийн ялгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хувь хүн бол Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалал хүн байж болно. Байгууллагын хувьд мөн адил гадаад дотоодын ялгаа байхгүй бөгөөд, хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд ашгийн төлөө ажилладаг аж ахуйн нэгж, ашгийн бус байгууллага (NPO), холбоо, нийгэмлэг, клуб, улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага (NGO), төрийн байгууллага, олон улсын байгууллага, засаг захиргааны нэгж, улс зэрэг бүхий л төрлийн байгууллага байж болно.

  •  Барааны тэмдгийн мэдүүлэг гарган, бүртгүүлэх процедур

 

 

Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах процедур

 


 

  • Барааны тэмдгийн мэдүүлгийг яаж гаргах вэ?

Ер нь барааны тэмдгийн мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргаж болно. Хэлбэрийн хувьд цаасаар эсвэл онлайнаар гаргаж болно.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулснаар барааны тэмдгийн хамгаалалтыг оновчтой болгох, бараа үйлчилгээний жагсаалт гаргахад мэргэжлийн зөвлөгөө өгөн ажилладаг.

Ер нь бол ОӨГ-ын сайт дээр барааны тэмдгийн мэдүүлэг гаргах тухай заавар, холбогдох баримт бичгийн маягтууд байгаа тул, тэдгээрийн татаж аван, бөглөж, гарын үсэг зурна.

  • Онлайн мэдүүлэг гаргахад бүрдүүлэх материал:

Итгэмжлэгдсэн төлөөлөгч материалуудыг авснаар, онлайнаар мэдүүлгийн өргөдөл бөглөн, бараа үйлчилгээний жагсаалтыг гаргах бөгөөд, шаардлагатай бол мэдүүлэг гаргагчтай холбогдон тодотгоно.

o Барааны тэмдэг: үг, дүрс, лого зэрэг

o Итгэмжлэл (Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэх бол)

o Байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар

o Бараа үйлчилгээний жагсаалт эсвэл үйл ажиллагааны тухай тайлбар

o Үйлчилгээний төлбөр (Итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцох, гэрээ байгуулах хэрэгтэй). ОӨГ-ийн ажил үйлчилгээний хураамжийг (нэг мэдүүлэг 20,000 төгрөг) онлайн систем ашиглан Итгэмжлэгдсэн төлөөлөгч цахимаар төлөх бөгөөд, мэдүүлэг гаргагчаас нэхэмжлэн авах болно.

  • Бүрдүүлэх баримт бичиг (хувь хүн):

Өргөдөл (ОӨГ-аас гаргасан тогтсон формат ):

- Мэдүүлэг гаргагчийн овог нэр, хаяг

- Барааны тэмдэг: үг, дүрс

- Бараа үйлчилгээний жагсаалт

o Итгэмжлэл (Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэх бол)

o Иргэний үнэмлэхийн хуулбар(хаягийг тодорхойлох баримт бичиг)

o Төлбөр төлсөн баримт: ОӨГ-ийн ажил үйлчилгээний хураамж, нэг мэдүүлэг гаргахад  20,000 төгрөг.

  • Бүрдүүлэх баримт бичиг (байгууллага):

o Өргөдөл (ОӨГ-аас гаргасан тогтсон формат):

- Мэдүүлэг гаргагчийн нэр, хаяг

- Барааны тэмдэг: үг, дүрс

- Бараа үйлчилгээний жагсаалт

o Итгэмжлэл (Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэх бол)

o Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

o Төлбөр төлсөн баримт: ОӨГ-ийн ажил үйлчилгээний хураамж, нэг мэдүүлэг гаргахад  20,000 төгрөг.

 


Анхаарах зүйлс

  • Урьдчилсан хайлт:

Барааны тэмдгийн мэдүүлэг гаргахын өмнө ижил төстэй барааны тэмдэг байгаа эсэхийг хайн шалгах хэрэгтэй байдаг.

Барааны тэмдэг хайхад дотоодын бүртгүүлсэн барааны тэмдгийн хувьд АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН МЭДЭЭЛЛИЙН САНд хайлт хийнэ. Энд хайлт хийхэд Барааны тэмдэг, мэдүүлэг гаргагч, бараа үйлчилгээний ангилал зэрэг боломжит талбараар хайлт хийж болно.

Мөн интернэт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг бүхий л боломжит эх сурвалжийг ашиглавал зохино.

  • Барааны тэмдгийн дардас (дүрслэл) бэлдэх бөгөөд хэмжээ нь 10 см х 10 см хэмжээтэй байна. Дүрс дангаараа эсвэл дүрс үсгийн хослол бол зурган хэлбэрээр жишээлбэл jpg, jpeg форматаар бэлдэнэ.

  • Барааны тэмдэг нь өнгөт бол хэрэглэсэн өнгийг нэрээр нь тодорхой зааж өгнө.

  • Барааны тэмдэг нь үгэн бол, стандарт хэлбэрээр буюу тухайн үгээр стандарт фонтоор бүртгүүлж болно.

  • Барааны тэмдэг нь дизайн оруулсан үгэн тэмдэг бол, дээрх дүрсэн хэлбэртэй адилхан дүрсээр дардас бэлдэнэ.

  • Барааны тэмдэг нь гадаад, үг бол орчуулга, дуудлагыг кирилл үгээр галиглан бичнэ.

  • Бараа үйлчилгээний жагсаалтын хувьд бол хувь, байгууллагын хувьд өөрсдийн ашиглаж байгаа бараа үйлчилгээний бүхий л төрөлд ашиглавал зохимжтой байдаг. Мөн ирээдүйд ашиглаж болох бараа үйлчилгээгээ бас оруулж болно.

  • Бараа үйлчилгээний жагсаалтыг олон улсын ангилал буюу Ниццийн ангиллын дагуу бүрдүүлэх бөгөөд Madrid Goods & Services Manager сайтыг ашиглаж болно. 

 


 

Мэдүүлэг гаргасны дараа ямар процедур явагддаг вэ?

  • Мэдүүлгийн бүрдлийг шалган, дугаар олгох:

Бэлдсэн мэдүүлгийг ОӨГ-т хүргэн өгөх бөгөөд, ОӨГ ирүүлсэн мэдүүлгийн бүрдлийг шалган хүлээн авсан өдрөөр мэдүүлэгт дугаар олгодог. Жишээлбэл 40-2020-000ххххх гэсэн дугаар олгоно. Сүүлийн хххх бол ОӨГ-т ирсэн мэдүүлэг дэс дараалан олгож байгаа дугаар болно.

  • Мэдээллийн санд орох

Тухайн мэдүүлэгт дугаар олгосны дараа мэдүүлэг АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН МЭДЭЭЛЛИЙН САНд бүртгэгдэх болно.

  • Шүүлт, шийдвэр:

ОӨГ-т барааны тэмдгийн шинжээч мэдүүлэгт шүүлт хийж, барааны тэмдгийн гэрчилгээ олгох эсэх талаар шийдвэр гаргах бөгөөд, хэрэв мэдүүлэг барааны тэмдэг нь өөр барааны тэмдэгтэй жил төстэй, хэрэглэгчийг төөрөгдөл оруулж болзошгүй зэрэг тохиолдолд Барааны тэмдгийг бүртгэхээс татгалдах урьдчилсан шийдвэр гаргадаг.

  •  Тайлбар өгөх

 Урьдчилсан шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 3 сарын дотор, шинжээчийн хэлсэн шалтгаанд үндэслэлтэй хариу тайлбар өгөх, бараа үйлчилгээний жагсаалтад өөрчлөлт оруулснаар барааны тэмдгээ бүртгүүлэх боломжтой.

  • Бүртгэх, Гэрчилгээ

Барааны тэмдэг бүртгэх тухай шийдвэр гарвал Улсын тэмдэгтийн хураамж, 2500 төгрөг, ОӨГ-ын ажил үйлчилгээний хураамж 15000 төгрөг төлж барааны тэмдгийн гэрчилгээгээ хүлээн авна.

Барааны тэмдгийн гэрчилгээг хүлээн авснаар тухайн барааны тэмдгийг ашиглах онцгой эрх буюу монопол эрх албан ёсоор үүснэ.