Хэл сонгох

Japan English

Зохиогчийн эрхийн бүтээл бүртгүүлэх тухай
  •  Зохиогчийн эрхийн бүтээл гэж юу вэ?

 Зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцдог. Өөрөөр хэлбэл зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны дүнд туурвисан бүхий л бүтээл зохиогчийн эрхээр хамгаалагдана.

ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ хуулийн дараах зүйлд тодорхой заасан байгаа.

7 дугаар зүйл. Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл

7.1.Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална:

7.1.1.шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ;

7.1.2. хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл;

7.1.3. дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл;

7.1.4. чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл;

7.1.5. архитектурын бүтээл, уран баримал, уран барилга;

7.1.6 бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомим;

7.1.7. жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн бүтээл;

7.1.8.гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;

7.1.9. дуу авиа бүхий дүрст бүтээл;

7.1.10.үүсмэл бүтээл;

7.1.11.материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд;

7.1.12.ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээл. 

Ер нь эрдэм шинжилгээний өгүүллэг, дипломын ажил, компьютерын программ хангамж, дуу, шүлэг, хөгжим, өгүүллэг, роман, ном, гарын авлага, телевизийн нэвтрүүлэг, кино зэрэг бүхий л төрлийн бичмэл, урлагийн бүтээл зохиогчийн эрхээр хамгаалагддаг. Мөн уран баримал, барилгын дизайн, толь бичиг, эмтхэтгэсэн бүтээл, лавлах толь бичиг хүртэл зохиогчийн эрхээр хамгаалагдана.

  • Холбогдох хууль

ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ хууль

 

  • Зохиогчийн эрхийн бүтээлийг заавал бүртгүүлэх ёстой юу?

Зохиогчийн эрх бол түүнийг бодитоор туурвисан үеэс эхлэн автоматаар эрх нь үүсдэг. Олон улсын гэрээний дагуу хамгаалагдана. Гадаадад үүссэн зохиогчийн эрх мөн адил Монгол Улсад хамгаалагдана.

Зохиогчийн эрхийн бүтээлийг заавал бүртгүүлэх шаардлагагүй боловч, зохиогч эсвэл эрх эзэмшигч этгээд сайн дурын үндсэн дээр бүртгүүлж гэрчилгээ авч болдог.

  • Зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгүүлснээр ямар ашигтай вэ?

Зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгүүлж гэрчилгээ авснаар, тухайн бүтээлийн эрх эзэмшигч болохыг төрийн байгууллага нотолсон баримт бичигтэй болно.

Зохиогчийн эрхийн гэрчилгээнд эрх эзэмшигч, зохиогч нь хэн болохыг тодорхой бичсэн байдаг.

Мөн улсын нэгдсэн мэдээллийн санд албан бүртгэгдэн, түүхэнд үлдэх болно. Зохиогчийн эрхийн мэдээллийн сан дээрээс хайж Бүтээлийн нэр, Эрх эзэмшигч, Зохиогч зэрэг талбараар хайн үзэж болох тул, тухайн бүтээлийн эрх эзэмшигчийн тодруулахад ойлгомжтой болно.

Мөн Зохиогчийн эрхийн гэрчилгээгээ дээрээ тулгуурлан биет бус хөрөнгө болгон бүртгүүлэх, өвлүүлэх, гэрээслэх, цагдаа шүүхэд өргөдөл гомдол гаргах, хуурамч болон хуулбарласан бүтээлтэй тэмцэх өөрийн бүтээл гэдгээ бусдад албан ёсны баримтаар үзүүлэхэд хэрэгтэй. МөнЗохиогчийн эрхээ барьцаалах, бусдад шилжүүлэх, зарах зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулахад Гэрчилгээ хэрэг болно.

Байгууллагын хувьд нэгэн бүтээлийг хийхэд олон хүний хүч хөдөлмөр ордог бүтээлүүд байдаг. Жишээлбэл кино, нэвтрүүлэг хийх, толь бичиг бүтээх зэрэгт олон хүн оролцон хэн нь эрх эзэмшиж байгаа нь тодорхойгүй болох, хэн нь зохиогч болох нь тодорхойгүй болж, улмаар маргаан үүсэх эх үүсвэр болдог. Ийм тохиолдолд Зохиогчийн эрхийн гэрчилгээ аван бүтээлийн эрх эзэмшигч, зохиогчийг баталгаажуулж байх хэрэгтэй.

  • Хаана мэдүүлэг гаргах вэ?

Зохиогчийн эрхийн зохих материалыг бүрдүүлэн оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Оюуны Өмчийн Газарт мэдүүлэг гаргана. ОӨГ-ийн одоогийн байршил: Баянзүрх дүүргийн 3-р хороо, этө-30.

  • Зохиогчийн эрхийн эрчилгээ

Зохиогчийн эрхийн бүтээлийг өргөдөл гарган, мэдүүлэг өгөхөд ОӨГ-аас Зохиогчийн эрхийн гэрчилгээ олгодог.

Зохиогчийн эрхийн гэрчилгээнд түүний дугаар, бүтээлийн нэр, туурвисан огноо, бүтээлийн төрөл, эрх эзэмшигч буюу өмчлөгч, бүтээл туурвигчийн талаар мэдээлэл орсон байдаг. Мөн эх бүтээл хоёр хувь нь ОӨГ-т хадгалагдан үлддэг.

  • Хүчинтэй хугацаа нь?

Зохиогчийн эрхийн хугацаа нь зохиогчийг нас барснаас хойш 50 жил байдаг.

  • Хэн мэдүүлэг гаргах вэ?

Хувь хүн, байгууллага (хуулийн этгээд).

Бүтээлийг туурвисан этгээд эсвэл түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд зохиогчийн эрхийг бүртгүүлнэ..

Хувь хүн, байгууллагын хувьд, гадаад дотоодын ялгаа, хэлбэрийн ялгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хувь хүн бол Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалал хүн байж болно. Байгууллагын хувьд мөн адил гадаад дотоодын ялгаа байхгүй бөгөөд, хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд ашгийн төлөө ажилладаг аж ахуйн нэгж, ашгийн бус байгууллага (NPO), холбоо, нийгэмлэг, клуб, улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага (NGO), төрийн байгууллага, олон улсын байгууллага, засаг захиргааны нэгж, улс зэрэг бүхий л төрлийн байгууллага байж болно.

  •  Барааны тэмдгийн мэдүүлэг гарган, бүртгүүлэх процедур


 Мэдүүлэг гаргах

  • Зохиогчийн эрхийн мэдүүлгийг хэрхэн гаргах вэ?

Ер нь зохиогчийн эрхийн мэдүүлгийг зохиогч, мэдүүлэг гаргагч өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргаж болно.

  • Зохиогч өөрөө мэдүүлэг гаргах:

Зохиогч, мэдүүлэг гаргагч өөрсдөө мэдүүлэг гаргах бол ОӨГ-ын сайт дээр зохиогчийн эрхийн мэдүүлэг гаргах тухай заавар, холбогдох баримт бичгийн маягтууд байгаа тул, тэдгээрийн татаж аван, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн бөглөж, гарын үсэг зурна.

  • Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн мэдүүлэг гаргах:

Зохиогч, эрх эзэмшигч дараах материалыг бүрдүүлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгнө. Үүнд:

- Зохиогчийн мэдээлэл (Иргэний үнэмлэхийн хуулбар)

- Эрх эзэмшигчийн мэдээлэл (хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар, байгууллага бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар)

- Эрх эзэмшигч нь зохиогч биш бол эрх шилжүүлэх акт үйлдэн, эрх эзэмшигч болон зохиогч бүгд гарын үсэг зурна.

- Бүтээлийн эх хувь 2 ширхэг

- Бүтээлийн тухай тодорхойлолт (Байгууллага эсвэл хөндлөнгийн этгээдийн гаргасан тодорхойлолт)

- Бүтээлийн туурвисан болон нийтэд хүртээл болсон огноо

- Итгэмжлэл

- Төлбөр төлсөн баримт

- Итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлүүлэх тохиолдолд гэрээ байгуулна. Мөн Улсын тэмдэгтийн хураамж болон ОӨГ-ын ажил үйлчилгээний хөлсийг хэрхэн төлөх талаар тохиролцоно.


Анхаарах зүйлс

  • Компьютерын программ хангамж

Бүтээлийн эх хувь болгон программ кодын хуулбарыг CD дээр бичин ОӨГ-т өгдөг.

Мөн программ хангамжийн бүтэц, ажиллах тухай тайлбар шаардлагатай тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө зөвлөгөө аван хийх хэрэгтэй.

  • Баримал, архитектурын бүтээл

Бүтээлийн эх хувь болгон баримлын зураг хэрэгтэй болдог тул мэргэжлийн зурагчны түвшинд тал талаас нь зургийг нь авах хэрэгтэй.

Барилга архитектурын бүтээлийн хувьд түүний байдлыг харуулсан техникийн зураг, бүтээл бэлэн болсон бол  гэрэл зураг хэрэгтэй.

  • Дүрст бүтээл

Телевизийн нэвтрүүлэг, кино зэрэг дүрст бүтээлийн хувьд түүнийг CD дээр бичин эх бүтээл болгон ОӨГ-т өгнө.

  • Олон зохиогчтой бүтээл

Толь бичиг, нэвтрүүлэг, кино зэрэг олон хүн оролцсон олон зохиогч бүтээлийн хувьд  хэн нь зохиогч, хэн нь эрх болохыг сайтар ярилцан тогтоох хэрэгтэй бөгөөд шаардлагатай бол гэрээ, протокол үйлдсэн байвал зүгээр. Итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулан үйлдэж болно.

  •  Мэдээллийн сан

Тухайн мэдүүлэгт дугаар олгон бүртгэсний дараа Зохиогчийн эрхийн мэдээллийн санд орох болно. Онлайн сайтаас дурын этгээд хайлт хийн мэдээлэл үзэж болно.