Хэл сонгох

Japan English

Патентын мэдүүлэг гаргах тухай
  • Шинэ бүтээлгэж юу вэ?

Патентын тухай хуульд “шинэ бүтээл” гэж байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдэл гэж тодорхойлсон байдаг.

Шинэ бүтээл бол аж үйлдвэрийн оюуны өмчийн нэг төрөл бөгөөд, бүртгүүлэн патент авснаар өмчийн эрх нь үүсдэг.

Шинэ бүтээл бол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай бүхий л төрлийн техникийн шийдэл юм. Жишээлбэл бүтээгдэхүүний ажиллах зарчим, бүтэц, найрлага зэрэгт хамаатай шийдэл орно. Шинэ материалын хувьд түүний найрлага, үйлдвэрлэх шат дараалал нь шинэ бүтээл юм. Ухаалаг утасны хувьд бол утасны санах ой, процессор, дэлгэц,холбооны хэсэг зэрэг бүхий л бүрэлдэхүүн хэсэгтэй холбоотой шийдлүүд шинэ бүтээл болно.

Шинэ бүтээл бол техникийн шийдлийн хувьд шинэ бөгөөд шинэ бүтээлийн түвшин агуулсан (мэргэжлийн хүний хувьд ялгарах давуу шинж чанар) байх ёстой.

  • Ашигтай загвар гэж юу вэ?

Патентын тухай хуульд “ашигтай загвар” гэж үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, аргад хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдэл гэж тодорхойлсон байдаг бөгөөд үндсэндээ дээр дурдсан шинэ бүтээлтэй төстэй бөгөөд техникийн шийдлийн хувьд “шинэ” байх ёстой.

  • Шинэ бүтээлийн патент гэж юу вэ?

Шинэ бүтээлийн патент бол шинэ бүтээлийг хуульд заасан шаардлага хангасныг тодорхойлж, онцгой эрх олгосон баримт бичиг болно. Патентад зохиогч, эрх эзэмшигч, анхдагч огноо, бүтээлийн нэр, хавсралтад нь томьёолол бичигдэнэ.

  • Ашигтай загварын гэрчилгээ гэж юу вэ?

Ашигтай загварын гэрчилгээ бол ашигтай загварыг хуульд заасан шаардлага хангасныг тодорхойлж, онцгой эрх олгосон баримт бичиг болно. Гэрчилгээнд зохиогч, эрх эзэмшигч, анхдагч огноо, бүтээлийн нэр, хавсралтад нь томьёолол бичигдэнэ.

  • Холбогдох хууль

ПАТЕНТЫН ТУХАЙ хууль 

  • Патент, Гэрчилгээг хэрхэн хэрэглэх вэ?

Бүтээгдэхүүнийхээ баглаа боодол, тайлбар зэрэгт патентын дугаараа бичин хэрэглэхээс гадна Патенттай инновацын бүтээгдэхүүнээр тодорхойлуулах, старт-апп байгуулахад хэрэг болно. Мөн гэрээ лицензээр ашиглуулах гэрээ байгуулах, барьцаа болгон хөрөнгө оруулалт авах, оруулах, зээл авах зэрэгт хэрэг болно.

  • Патент авах ямар ашигтай вэ?

Патент авснаар, тухайн техникийн шийдлийг улсын нутаг дэвсгэр дээр ашиглах онцгой эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл тухайн шийдлийг өөр этгээд зөвшөөрөлгүйгээр ашиглах эрхгүй болно.

Бизнес эрхлэгчийн хувьд бараа үйлчилгээгээ зах зээл дээр хамгаалах, хөрөнгө оруулагчтай эрх тэгш гэрээ хэлэлцээр хийх гол хэрэгсэл болдог.

Зохиогчийн хувьд анх сэдэн шийдэл олсон нь патентын баримт бичгээр баталгаажин ОӨГ-т үүр хадгалагдан, хэзээ ч Аж үйлдвэрийн мэдээллийн сангаас хайлт хийн үзэх боломжтой түүхэн архив болно.

ОӨГ-ын шинжээч түүний шинэлэг байдал болон техникийн түвшнийг бусадтай харьцуулан шийд гаргаж байгаа тул, хөндлөнгийн үнэлгээгээр анхдагч нь баталгааж гэж үзэж болно.

Хаана мэдүүлэг гаргах вэ?

Шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлгийг зохих материалыг бүрдүүлэн, оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Оюуны Өмчийн Газарт мэдүүлэг гаргана. ОӨГ-ийн одоогийн байршил: Баянзүрх дүүргийн 3-р хороо, этө-30.

  • Хүчинтэй байх хугацаа нь хэдэн жил вэ?

Шинэ бүтээлийн патент анхдагч огнооноос хойш 20 жил хүчинтэй.

Ашигтай загвар анхдагч огнооноос хойш 7 жил хүчинтэй.

  • Хэн мэдүүлэг гаргах вэ?

Хувь хүн, байгууллага (хуулийн этгээд).

Шийдэл гаргасан этгээд эсвэл түүнээс эрхийг нь шилжүүлэн авсан этгээд мэдүүлэг гаргана. Энд мэдүүлэг гаргагч нь хувь, байгууллага байж болно.

Хувь хүн, байгууллагын хувьд, гадаад дотоодын ялгаа, хэлбэрийн ялгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хувь хүн бол Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалал хүн байж болно. Байгууллагын хувьд мөн адил гадаад дотоодын ялгаа байхгүй бөгөөд, хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд ашгийн төлөө ажилладаг аж ахуйн нэгж, ашгийн бус байгууллага (NPO), холбоо, нийгэмлэг, клуб, улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага (NGO), төрийн байгууллага, олон улсын байгууллага, засаг захиргааны нэгж, улс зэрэг бүхий л төрлийн байгууллага байж болно.

  • Шинэ бүтээлийн мэдүүлэг гарган, бүртгүүлэх процедур

 

 

  • Ашигтай загварын мэдүүлэг гарган, бүртгүүлэх процедур

 


  • Мэдүүлэг хэрхэн гаргах вэ?

Мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргаж болно. Хэлбэрийн хувьд цаасаар эсвэл онлайнаар гаргаж болно.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулснаар мэдүүлгийн хамгаалалтыг оновчтой болгох, тодорхойлолтыг чанартай бичих зэргээр  мэргэжлийн зөвлөгөө өгөн, үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

Мэдүүлэг гаргагч өөрөө мэдүүлэг гаргах бол ОӨГ-ын сайт дээр барааны тэмдгийн мэдүүлэг гаргах тухай заавар, холбогдох баримт бичгийн маягтууд байгаа тул, зааврын дагуу материал бүрдүүлэн ОӨГ-т өгч мэдүүлэг гаргана.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулах тохиолдолд шаардлагатай мэдээллийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгснөөр, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэдүүлэг бүрдүүлэх болох мэдүүлэг гаргасны дараах процедурыг хариуцан ажилладаг.

  • Мэдүүлэг гаргахад бүрдүүлэх материал:

Итгэмжлэгдсэн төлөөлөгч материалуудыг авснаар, онлайнаар мэдүүлгийн өргөдөл бөглөн, тодорхойлолт, томьёолол, зураг зэргийг бэлдэн мэдүүлэг гаргадаг. Шаардлагатай бол мэдүүлэг гаргагчтай холбогдон тодотгоно.

o Шийдлийн тухай тайлбар болон холбогдох материал

o Итгэмжлэл (Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэх бол)

o Зохиогч, мэдүүлэг гаргагчийн мэдээлэл

o Зохиогчийн баталгаа (Тусгай форматын дагуу бэлдэж, гарын үсэг зурна) 

o Шилжүүлэх акт (Мэдүүлэг гаргагч нь зохиогч биш бол үйлдэнэ. Тусгай форматын дагуу бэлдэж, зохиогч болон эрх шилжүүлэн авагч гарын үсэг зурна.) 

o Үйлчилгээний төлбөр (Итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцох, гэрээ байгуулах хэрэгтэй). ОӨГ-ийн ажил үйлчилгээний хураамжийг (нэг мэдүүлэг 20,000 төгрөг) онлайн систем ашиглан Итгэмжлэгдсэн төлөөлөгч цахимаар төлөх бөгөөд, мэдүүлэг гаргагчаас нэхэмжлэн авах болно.

 


 

Анхаарах зүйлс

  • Урьдчилсан хайлт:

Шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлэг гаргахын өмнө ижил төстэй шийдэл байгаа эсэхийг хайн шалгах хэрэгтэй байдаг.

Хайлт хийхэд дотоодын бүртгүүлсэн шинэ бүтээл, ашигтай загварын хувьд АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН МЭДЭЭЛЛИЙН САНд хайлт хийнэ. Энд хайлт хийхэд мэдүүлэг гаргагч, бүтээлийн нэр, зохиогч, олон улсын ангилал зэрэг боломжит бүхий л талбараар хайлт хийж болно.

Мөн интернэт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа гадаадын оюуны өмчийн мэдээллийн сангууд зэрэг бүхий л боломжит эх сурвалжийг ашиглавал зохино. Гадаадын байгууллагын хувьд дараах линкээр орон үзэж болно.

  • Материал бэлдэхэд анхаарах зүйлс:
  • Зургийг дэс дараалан дугаарлана. Жишээлбэл: 1 дүгээр зураг, 2 дугаар зураг, Зураг 1 , Зураг 2 гэх мэт. Мөн Зураг 1(а), Зураг 2(б), эсвэл Зураг 1-1, Зураг 2-1 гэх мэтээр дугаарлах тохиолдол байна.
  • Зураг: технологийн горим, ажиллах дараалал, бүтээгдэхүүний зураг, график зэргийг бүдүүвч зургаар хар цагаанаар байвал зүгээр.
  • Бүдүүвч зургийн хувьд цахим формат хэрэглэх бөгөөд харцагаан зургийн хувьд 400dpi, өнгөт зургийн хувьд 300dpi байвал зүгээр.
  • Ургасан ургамал, микроскопын зураг зэрэг нь хар цагаан гэрэл зураг эсвэл өнгөт зураг байж болно.
  • Бүтээлийн нэр: аль болох бүтээлийн ерөнхий нэрийг шууд илэрхийлсэн нэр зүгээр бөгөөд, оноосон нэр аль болох оруулахгүй өгөх хэрэгтэй.
  • Тодорхойлолт зэрэгт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн нэр дурдахад барааны тэмдгийг бичих хэрэгтэй болдог бөгөөд энэ тохиолдолд хаалтад барааны тэмдэг гэдгийг зааж өгөх хэрэгтэй.
  • Хэрэв аливаа нэгэн байгууллага, компанийг дурдах бол түүний төв оффис зэрэг албан ёсны хаягийг улс, хотын нэр хүртэл оруулбал зүгээр.
  • Математик, физик, химийн томьёо, тэгшитгэлийг дараалсан дугаар өгвөл зүгээр.
  • Шийдлийн хамаарах олон улсын ангилал бичнэ.

Мэдүүлэг гаргасны дараах процедур

  • Мэдүүлгийн бүрдлийг шалган, дугаар олгох:

Бэлдсэн мэдүүлгийг ОӨГ-т хүргэн өгөх бөгөөд, ОӨГ ирүүлсэн мэдүүлгийн бүрдлийг шалган хүлээн авсан өдрөөр мэдүүлэгт дугаар олгодог. Жишээлбэл шинэ бүтээлд 10-2020-000ххххх, ашигтай загварт 20-2020-000хххх гэсэн дугаар олгоно. Сүүлийн хххх бол ОӨГ-т ирсэн мэдүүлэгт дэс дараалан олгож байгаа дугаар юм.

  • Шүүлт, шийдвэр:

Мэдүүлэгт шинжээч шүүлт хийж, патент, гэрчилгээ олгох эсэх талаар шийдвэр гаргах бөгөөд, хэрэв шийдэлтэй ижил, төстэй шийдэл олдсон, томьёолол тодорхой бус байвал Бүртгэхээс татгалдах тухай урьдчилсан шийдвэр гаргадаг.

  • Тайлбар өгөх

Урьдчилсан шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 2 сарын дотор, шинжээчийн хэлсэн шалтгаанд үндэслэлтэй хариу тайлбар өгөх, томьёололд өөрчлөлт оруулах зэргээр бүртгүүлэх боломжтой.

  • Охин мэдүүлэг гаргах, мэдүүлгийн категори өөрчлөх

Урьдчилсан шийдвэрт шууд хариу өгөхөд хүндрэлтэй ялангуяа хамгаалалтын хүрээг ихээхэн өөрчлөх шаардлагатай бол, томьёоллоо шинээр бичин, охин мэдүүлэг гаргах, мэдүүлгийн категори өөрчилж шинээр мэдүүлэг гаргаж болдог.

  • Нийтлэгдэх

Шинжээч шинэ бүтээлд патент олгох тухай шийдвэр гаргавал оюуны өмчийн мэдээлэл сэтгүүлд мэдүүлгийн ном зүй, томьёолол хэвлэгдэнэ.

  • Бүртгэх, Патент, Гэрчилгээ олгох

Шинэ бүтээл нийтлэгдсэнээс хойш 3 сарын дотор гомдол ирэхгүй бол патент олгох бөгөөд энд мэдүүлэг гаргагч Улсын тэмдэгтийн хураамж, ОӨГ-ын ажил үйлчилгээний хураамж төлж Патентаа хүлээн авна.

Ашигтай загварын хувьд шинжээчийн эцсийн шийдвэр гарснаар Гэрчилгээ олгох бөгөөд энд мэдүүлэг гаргагч Улсын тэмдэгтийн хураамж, ОӨГ-ын ажил үйлчилгээний хураамж төлж Гэрчилгээгээ хүлээн авна.

Шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээг хүлээн авснаар ашиглах онцгой эрх буюу монопол эрх албан ёсоор үүснэ.

  • Мэдээллийн санд орох

Патент, гэрчилгээ гарсны дараа Оюуны өмчийн мэдээлэл сэтгүүлд патент, гэрчилгээний ном зүй, томьёолол хэвлэгдэн гарч, мэдээллийг АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН МЭДЭЭЛЛИЙН САНд оруулан, нийтэд нээлттэй болно.